Эрдэм шинжилгээний өгүүлэл гэж юу вэ?
Судлаачдын ихэнхдээ paper гэж нэрлэж ярьдаг шинжлэх ухааны өгүүлэлийн гол хэлбэр нь research article буюу судалгааны өгүүлэл юм. Ихэвчлэн стандарт форматтай шинжлэх ухааны өгүүлэл нь сэтгүүлд анхдагч судалгааны үр дүнг мэдээлэх үүрэгтэй байдаг. Энэ төрлийн өгүүлэл нь ихэнхдээ IMRaD (Introduction, Methods, Results, and Discussion) бүтэц буюу Оршил, Арга зүй, Үр дүн, Хэлэлцүүлгийг багтаасан байдаг.
Үүнээс гадна review article (тойм өгүүлэл) буюу өмнө нийтлэгдсэн судалгааны ажил, өгүүллүүдийг нэгтгэн дүгнэсэн хэлбэртэй ч бас байдаг. Мөн өргөн утгаараа судлаачдын бичсэн бусад мэргэжлийн харилцааны бичиг баримтууд ч шинжлэх ухааны бичвэрт хамаарна. Жишээ нь: systematic review & meta-analysis (системчилсэн тойм болон мета анализ өгүүлэл), short communication/ brief report (богино мэдээ), case study (тохиолдлын судалгаа), technical note (техникийн мэдээлэл), судалгааны санхүүжилтийн төслийн бичиг баримт (grant proposal), илтгэл, хурлын хураангуй (abstract).
Шинжлэх ухааны бичвэр тэр дундаа өгүүлэл нь ямар нэгэн шинэ, анхдагч үр дүнг харуулж, тайлбарлаж байгаа учраас ойлгомжтой байх нь хамгийн эхний чухал үзүүлэлт. Шинжлэх ухааны туршилт, судалгаа нь тодорхой асуудалд төвлөрсөн, цэгцтэй сэтгэлгээний үр дүн учраас дүгнэлт нь ч тодорхой байх ёстой. Хоёрдугаарт өгүүлэл нь судалгааны үр дүн, мэдээллийг уншигчид үнэн зөвөөр дамжуулах үйл явц юм. Тиймээс өгүүллийн үгс нь аль болох ойлгомжтой, энгийн, эмх цэгцтэй байх ёстой. Уран гоёмсог бичиглэлээс илүү судалгааны үр дүнг тодорхой, үнэн зөв ойлгуулахын тулд энгийн, тодорхой үгсийг ашиглан бичихийг чиг болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны өгүүлэлд “сайн англи хэл гэдэг бол утгыг нь хамгийн цөөн үгээр тайлбарлахыг хэлнэ” гэж Journal of Bacteriology сэтгүүлийн зохиолчдод зориулсан гарын авлагад дурьдсан байдаг. Дэлхий даяар унаган хэл нь англи биш олон судлаачид байгаа учраас хүн бүрт ойлгогдох оновчтой үгээр бичих нь чухал. Таны судалгааны эцсийн үр дүн нь өгүүлэл болж хэвлэгддэг учраас тэр хүртэл хэдэн сар жилээр хөдөлмөрлөсөн таны өгөгдөл, дата, хээрийн болоод лабораторийн ажлын үнэ цэнэ нь энэ өгүүллээр хэмжигдэнэ. Тиймээс тэр хүртэл уйгагүй ажилласан шигээ бичих үйл явцдаа ч мөн маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй1.
Өөрийн баримтуудыг хамгийн энгийнээр маш тодорхой хэл. Судалгааны өгүүлэлд уран цэцэн үгс, гоёмсог уран сэтгэлгээ хэрэггүй.
— Р. Б. МакКерроу
Эх сурвалж1 – How to write and publish a scientific paper, Barbara Gastel and Robert A. Day, 8th edition, 2017