Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц

Share Button

Шинжлэх ухааны өгүүлэл (scientific article) нь судалгааны үр дүнг системтэй, логик дарааллаар бичиж, олон нийтэд хүргэх гол арга юм. Сайн бүтэцтэй өгүүлэл нь зөвхөн судлаачдын дунд төдийгүй, бодлого боловсруулагчид, санхүүжүүлэгч байгууллагад ч ойлгомжтой, үнэ цэнтэй мэдээлэл өгдөг.

Өгүүллийн нийтлэг бүтэц нь дараах 7 үндсэн хэсгээс бүрдэнэ:
1. Гарчиг (Title)
2. Хураангуй (Abstract)
3. Оршил (Introduction)
4. Арга зүй (Methods)
5. Үр дүн (Results)
6. Хэлэлцүүлэг (Discussion)
7. Дүгнэлт (Conclusion)
(+ Ном зүй, хавсралт, талархал г.м нэмэлтүүд)

1. Гарчиг (Title)

Судалгааны гол сэдэв, чиглэлийг товч, тодорхой илэрхийлэх. Агуулгаа хангалттай сайн дүрсэлсэн, боломжит хамгийн цөөн үгээр бичих хэрэгтэй. Ингэснээр дараа нь индексжүүлэх, хайлтын системд гарч ирэхэд хялбар байх болно. Хэрвээ зохимжгүй буруу гарчигтай тохиодолд өгүүлэл нь зорилтот хүмүүст хүрэхгүй байх эрсдэлтэй.

  • Товч, тодорхой, үндсэн ойлголтыг багтаасан 10-15 үг
  • Түлхүүр ойлголт, ашигласан арга, байршлыг тусгасан
  • Хэт ерөнхий биш
  • Жишээ: “Arsenic and Lead Contamination in Rural Drinking Water Sources in Mongolia: A Risk Assessment Approach”

2. Хураангуй (Abstract)

Судалгааны зорилго, арга, үр дүн, дүгнэлтийг богино хугацаанд уншигчдад хүргэх зорилготой өгүүллийн жижигрүүлсэн хувилбар. Сайн хураангуй нь уншигчдад үндсэн агуулгыг хурдан, үнэн зөв тодорхойлох боломжийг олгож, цаашаа бүтнээр нь унших шаардалагатай эсэхийг шийддэг.

  • Background: Сэдвийн үндэслэл (1-2 өгүүлбэр)
  • Objectives: Судалгааны зорилго
  • Methods: Гол арга зүй, түүвэр, шинжилгээ
  • Results: Үндсэн үр дүн
  • Conclusion: Дүгнэлт, ач холбогдол зэргийг багтаана.

📝 Сэтгүүл бүр үгийн тоог заасан байдаг ч ихэвчлэн 150–250 үгтэй, түлхүүр үгс (keywords) багтсан байдаг. Өгүүллээ бичиж дуусаад, хамгийн сүүлд энэ хэсгийг бичнэ. Зарим сэтгүүлд хураангуйгаас гадна өөр бүрэлдэхүүн хэсгүүдийг оруулдаг. Жишээ нь: өгүүллийнхээ гол агуулга, санааг жагсаасан жагсаалт (highlights), техникийн бус хураангуй (non-technical summary or brief statement), зурагт хураангуй (graphical abstracts) гэх мэт зүйлсийг шаарддаг.

3. Оршил (Introduction)

Судалгааны шаардлага, үндэслэлийг тайлбарлах, зорилгоо тодорхойлж бичнэ. Оршил нь англи хэлний одоо цаг дээр бичигдэх ёстой яагаад гэвэл өөрийн судалгааны гол асуулт болон түүнтэй холбоотой мэдлэгийн тухай ярьж байгаа учраас.

  • Сэдвийн үндэслэл
  • Судалгааны орчин, өмнөх судалгаануудын тойм
  • Судалгааны зорилго, асуулт, ба ач холбогдол

4. Арга зүй (Methods)

Аргазүйнхээ талаар оршил хэсэгт дурьдаад харин энэ хэсэгт илүү нарийвчлан бичнэ. Энэ хэсгийг англи хэлний өнгөрсөн цаг дээр бичнэ. Судалгааг давтан хийхэд хангалттай нарийвчлалтайгаар аргазүйгээ тайлбарлана. Мөн энэ хэсгийг сайн бичсэнээр таны судалгааны үр дүн, туршилт хир их ач холбогдолтой, үнэн зөв гэдгийг тодорхойлоход нөлөөлнө. Хэрвээ таны өгүүллийг уншаад хянагч (reviewer) арга зүйг эргэлзээтэй гэж үзвэл таны үр дүн хичнээн сайн байсан ч өгүүлэл буцаагдах эрсдэлтэй.

  Судалгааны загвар (design): туршилт, ажиглалт, кейс судалгаа гэх мэт

  Судалгааны талбар, түүвэр: байршил, түүврийн хэмжээ, сонголт

  Шинжилгээний арга: багаж, протокол, стандартууд

  Өгөгдөл боловсруулах арга: статистик арга, программ хангамж

Сүүлийн үед аргазүйгээс гадна Materials and methods буюу материал ба аргазүй гэсэн хэлбэрээр бичих нь мөн ихэссэн. Материал хэсэгт техникийн үзүүлэлтүүд, тоо хэмжээ, бэлтгэх эх үүсвэр эсвэл аргыг оруулна.Заримдаа ашиглсан урвалжуудын химийн болон физик шинж чанарыг жагсаах шаардлагатай байдаг. Туршилтын амьтан, ургамал, бичил биетүүдийг ихэвчлэн төрөл, омгийн нэрээр нь нарийн тодорхойлох ёстой. Эх сурвалжуудыг жагсааж, тусгай шинж чанаруудыг (нас, хүйс, ген, физиологийн байдал) тайлбарласан байх ёстой. Хэрэв хүн оролцсон судалгаа бол сонгон шалгаруулах шалгуурыг тайлбарлаж, гар бичмэлд “мэдэгдэж зөвшөөрөл авсан” гэсэн мэдэгдлийг оруулах ёстой. Тиймээс хүн эсвэл амьтан ашигласан бол холбогдох хорооноос зөвшөөрөл авснаа мөн дурьдах ёстой. Materials and methods хэсэг нь ихэвчлэн дэд гарчигтай байдаг.

5. Үр дүн (Results)

Туршилт, хэмжилтийн үр дүнг тодорхой дүрслэх. Үр дүн нь англи хэлний өнгөрсөн цаг дээр бичигдэнэ. Гэхдээ бүх үр дүн, гаргаж авсан баримтаа оруулах шаардлагагүй. Зөвхөн өөрийн сэдвийн хүрээнд чухал, асуултанд чинь хариулт өгөх, баталгаа болох үр дүнг сонгож оруулах хэрэгтэй. Үр дүнгээ энгийн бөгөөд тодорхой илэрхийлэх. Судалгаанаас чинь гарч ирсэн шинэ мэдлэг энэ хэсэгт танилцуулагдах учраас, өгүүлэл чинь хир сайн байх нь үр дүнгээ хир тодорхой ойлгомжтой бичсэнээс ихээхэн хамаарна.

  • Тоон өгөгдөл, график, хүснэгт ашиглан үр дүнг үзүүлэх
  • Дүн шинжилгээ багтаахгүй, зөвхөн үр дүн болон тайлбар
  • Дэс дараатайгаар бичигдэнэ (жишээ нь: нийтлэг үзүүлэлт- онцлог тохиолдол- харьцууулалт)

6. Хэлэлцүүлэг (Discussion)

Үр дүнг тайлбарлах, өмнөх судалгаануудтай харьцуулах, учир шалтгааныг тайлбарлах. Ихэнх буцаагдсан өгүүллүүд алдаатай эсвэл хангалтгүй хэлэлцүүлэг бичсэнээс болдог. Үр дүнгээс харж болох холбоо хамаарал, ерөнхий дүгнэлтүүд, мөн хамаарал үзүүлээгүй, ойлгомжгүй үр дүнгүүдээ ч тайлбарлах. Дүгнэлтээ тодорхой хэлэх гэхдээ түүнийгээ баримтаар нотлох хэрэгтэй.

Аргазүй, үр дүн 2 хоорондоо холбоотой бол оршилд хөндсөн асуултын хариултуудыг, юу олж мэдсэнээ хэлэлцүүлэгт бичих хэрэгтэй. Мөн энэ хэсэгт өөрийн судалгааны давуу тал болон хязгаарлагдмал байсан талыг дурьдсанаар өгүүллийг хянагч хүмүүст (reviewer) таны ажил яагаад хэвлэгдэх хэрэгтэй бэ гэдгийг харуулахад дөхөм болно.

  • Үр дүнг тайлбарлах, өмнөх судалгаатай харьцуулах
  • Судалгааны асуудал, дахин нарийвчлан судлах шаардлагатай хэсгийг тэмдэглэх
  • Судалгааны ач холбогдол

7. Дүгнэлт (Conclusion)

Судалгааны үндсэн үр дүнг товчлон дүгнэж, бодлогын болон практик ач холбогдлыг илэрхийлэх.

  • Судалгааны гол үр дүнг товчоор, зорилго биелсэн эсэхийг дурьдана.
  • Ирээдүйн судалгааны чиглэлийг санал болгох, бодлогын ач холбогдол

Нэмэлт хэсгүүд

Өгүүлэл нь дээрх үндсэн хэсгээс гадна талархал, ном зүй гэсэн хоёр нэмэлт хэсэгтэй байдаг.

Талархалд эхлээд техник туслалцаа авсан хүмүүсээ дурьдаад, мөн тусгай тоног төхөөрөмж, бусад эх сурвалж болон материаллаг туслалцааг бичнэ. Жишээ нь “Thanks are due to J. Jones for assistance with the experiments and to R. Smith for valuable discussion.” Дараа нь судалгааны санхүүжилт, тэтгэлэг, тусламж зэрэг санхүүгийн холбогдолтой зүйлсийг бичих ёстой. Номзүйн талаар дараагийн нийтлэлүүддээ дэлгэрэнгүй оруулах болно.

  • Талархал (Acknowledgements) – санхүүжилт, тусалсан байгууллага, хувь хүмүүст
  • Ном зүй (References) – APA, IEEE, Chicago гэх мэт формат
  • Хавсралт (Appendix, supporting information, supplementary material) – хүснэгт, нэмэлт зураг, тооцоолол зэрэг зүйлсийг нэмж оруулж болдог.

Өгүүллийн бүтэц нь судалгааны үр дүнг ойлгомжтой, системтэй илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн тухайн судалгааны ажлын онцлогоос хамаарч дээрх бүтцээс арай өөр хэлбэртэй байж болно.

Эх сурвалж1 – How to write and publish a scientific paper, Barbara Gastel and Robert A. Day, 8th edition, 2017

You may also like...