Судалгааны сэдвээ оновчтой сонгох, асуулт боловсруулах
Судалгааны ажил бол шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгох үйл явц юм. Судлаачийн амжилттай судалгаа хийх эхний чухал алхам бол оновчтой сэдэв сонгох явдал бөгөөд үүнээс хамааран судалгааны зорилго, арга зүй, үр дүн тодорхойлогддог. Үүний дараа тодорхой, хэмжигдэхүйц судалгааны асуулт боловсруулж, зохион байгуулалт сайтай өгүүлэл бичих шаардлагатай.
Судалгаа гэдэг нь энгийнээр бол судалгааны асуултууддаа хариулт олохын тулд дагаж мөрдөх үйл явц. Харин судалгааны асуулт нь судалгааны зорилгын үндэс болдог, хариулт олохыг хүссэн асуултууд. Тэгэхээр асуултаа тодорхойлоод юунд хариулт олохоо шийдчихбэл түүнд хүрэх арга зам нь аргазүй юм.
Судалгааны сэдэв сонгох аргачлал
Судалгааны сэдэв нь шинэлэг, тухайн салбарын асуудлыг шийдвэрлэхүйц, нөөц бололцоонд тань нийцсэн байх шаардлагатай. Оновчтой сэдэв сонгохдоо дараах алхмуудыг ашиглаж болно.
- Өгүүллүүдийн тойм хийх
- Өөрийн салбарын сүүлийн үеийн өгүүллүүд, ном, тайлангуудыг унших
- Шинжлэх ухааны мэдээллийн сангууд: Scopus, Web of Science, Google Scholar өгүүлэл, мэдээллүүд хайж унших
- Бусад судлаачдын ашигласан аргууд, үр дүнг ойлгож, судалгааны хоосон орон зайг анхаарах
Тойм хийснээр судалгааныхаа талаар онолын суурь мэдлэг олж авах, судлагдсан байдлын талаар ойлголттой болох, түүнд суурилан аргазүйгээ тодорхойлохоос гадна одоо байгаа судалгааны нөхцөл, үр дүнтэй өөрийн судалгааг харьцуулан бодох, шинэ санаа, чиг хандлага гаргаж ирэхэд тусална.
- GAPS буюу судалгааны хоосон орон зайг тодорхойлох
- Аль сэдвийг бүрэн судлаагүй, эсвэл зөрүүтэй үр дүнтэй байна вэ?
- Ямар шинэ арга, хандлага хэрэглэж болох вэ?
- Сэдвийн шалгуур
Шалгуур |
Тайлбар |
Бодит байдал |
Нийгмийн эсвэл шинжлэх ухааны ач холбогдолтой |
Шинэлэг байдал |
Өмнө судлагдаагүй, эсвэл шинэ өнцгөөс судлах боломжтой |
Хүртээмж |
Судалгаанд шаардагдах өгөгдөл, тоног төхөөрөмж, ур чадвар байгаа эсэх |
Хэмжигдэхүйц байдал |
Судалгааны үр дүнг хэмжих боломжтой байх |
Өөрийн хайж олсон асуудал, хараахан судлагдаагүй сэдэв, таамаглалыг дээрх шалгуураар үнэлж, судалгааг хийх нөөц боломжоо үнэлэх. Үүний дараа судалгааны асуултаа тодорхой болгоно.
Судалгааны асуулт боловсруулах
Судалгааны асуулт нь таны ажлын чиглэлийг тодорхойлдог гол тулгуур юм. Үүнийг тодорхой, нэг утгатай, хэмжигдэхүйц хэлбэрээр боловсруулах шаардлагатай.
1. SMART шалгуур
Үзүүлэлт |
Тайлбар |
Specific |
Тодорхой байх |
Measurable |
Хэмжигдэх боломжтой |
Achievable |
Боломжийн хүрээнд байх |
Relevant |
Хамааралтай, ач холбогдолтой |
Time-bound |
Хугацааны хязгаартай |
2. Судалгааны асуултын жишээ
- Буруу: “Усны бохирдол яагаад их байна вэ?” (Хэт өргөн хүрээтэй)
- Зөв: “Булган аймгийн xxx сумын ундны усан дахь As, Pb элементүүдийн агууламж ДЭМБ-ын зөвлөмжтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?”
Эх сурвалж- Research methodology, a step be step guide for beginners, Ranjit Kumar, 5th edition, 2019