Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийн ач холбогдол
Судалгааны өгүүлэл бичиж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх нь судлаачид, академик салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, докторын түвшинд суралцаж буй оюутны хувьд дараах ач холбогдолтой.
- Шинжлэх ухааны хөгжил, мэдлэгт өөрийн хувь нэмрийг оруулах, мэдлэгээ хуваалцах, хамтрах. Учир нь шинэ бүтээл, нээлтүүд, судалгааны үр дүнгүүд нь шинжлэх ухааны өгүүлэл болж хэвлэгдсэнээр бусад судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд нээлттэй болж, түгээгдэж хөгждөг. Таны хийсэн ажил таны ажиллаж буй салбарын мэдлэгийг нэмэгдүүлж, бусад ч таны судалгааны ажлын үр дүнд тулгуурлан цааш хөгжүүлэх боломж нээгддэг.
- Судлаачийн болон академик үүднээс таны хүлээн зөвшөөрөгдөх гол үзүүлэлт. Өгүүлэл хэвлүүлэх нь таныг судлаач гэдгийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг. Мөн таны хэвлүүлсэн өгүүллээс бусад судлаачид болон байгууллага таныг мэдэж илүү их хамтран ажиллах төсөл, боломж, хуралд оролцох зэрэг давуу талууд нэмэгдэнэ.
- Карьерын хувьд өсөн дэвших боломж. Докторын зэрэг горилох болон докторын дараах судлаачаар ажиллахад эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх нь чухал. Аль болох олон өгүүлэл хэвлүүлэх тусам илүү олон боломж нээгдэнэ. Ихэнх сургууль, институтуудын ажлын болон тэтгэлэгийн бүрдүүлэх материал, судалгааны санхүүжилт өгдөг агентлагуудын нэг гол шалгуур нь таны хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт байдаг.
- Бодит ертөнцийн асуудлуудыг шийдвэрлэх. Олон төрлийн шинжлэх ухааны судалгаанууд нь байгаль орчин, нийгмийн асуудлаас эхлээд анагаах ухааны дэвшил хүртэл практик асуудлуудыг шийдвэрлэх зорилготой. Тиймээс өгүүллээ хэвлүүлснээр нь таны судалгааны үр дүнд гарсан шийдэл, инновацийг хэрэгжүүлэх боломжтой зөв үзэгчдэд хүрэх боломжийг олгодог.
- Хувь хүний хөгжил ба шүүмжлэлтэй сэтгэлгээ. Шинжлэх ухааны өгүүлэл бичих үйл явц нь анализ хийх, бичих ур чадварыг сайжруулдаг. Мөн бусад судлаачидтай ярилцаж, хэлэлцэх, шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах чадварыг бэхжүүлдэг.
- Олон нийтийн мэдлэг, бодлогод нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлэх. Нийтлэгдсэн өгүүлэл нь бодлого боловсруулагчдад мэдээлэл өгч, мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргахад тусалдаг. Судлаачид нотлох баримтад тулгуурласан судалгаагаар олон нийтийг соён гэгээрүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Шинжлэх ухааны өгүүлэл бичих, нийтлэх нь зөвхөн хувийн болон эрдэм шинжилгээний ахиц дэвшилд хувь нэмэр оруулахаас гадна бодит ертөнцийн асуудлыг шийдвэрлэх, үнэ цэнэтэй мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд тусална. Академи, үйлдвэрлэл, бодлого боловсруулахад шинжлэх ухааны өгүүлэлүүд нь судалгаа, инновацийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.