Магистрант, докторант оюутнуудын судалгааны ажлыг чанаржуулах талаар хийгдэж байгаа ажил
ТДС-ийн зүгээс МУИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажил, төгсөлтийн ажил, диссертацийн гүйцэтгэлийн үндсэн шалгуур үзүүлэлтийн талаар баримтлах ерөнхий бодлогыг өөрчилж, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, оюуны хулгайг зогсоох талаар хэд хэдэн тодорхой ажлууд хийж байна.
1 БШУ-ын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-нд баталсан А/370 тушаалын дагуу МУИС-ийн төгсөлтийн дараах сургалтын журмыг шинэчлэн боловсруулах ажлыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхний улиралд хийхээр ажиллаж байна.
2 Магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын чанарыг өндөрсгөх, гүйцэтгэлийг нь хянахын тулд тухайн чиглэлийн дотоод, гадаадын хөндлөнгийн хянан магадлагаа (peer review journal) хийгддэг, мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтыг МУИС-иас боловсруулж бүрэлэдхүүн сургуулийн Эрдмийн Зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байна. Энэ ажил 2014 оны 11 сарын 30 гэхэд хийгдсэн байна.
3 Мөн 2014-2015 оны хичээлийн жилд үндэсний түвшинд мэргэжлийн нийгэмлэгүүд эрхлэн гаргадаг олон улсын стандарт сериал дугаартай (International Standard Serial Number (ISSN)) тогтмол хугацаанд хэвлэгддэг, peer-review хянан магадлагаа өндөр түвшинд хийгддэг, редакцийн зөвлөл нь олон улсын бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих ажлыг МУИС хийж эхлээд байна. Эдгээр сэтгүүлд хэвлэгдсэн магистрант, докторантын бүтээлийг судалгааны ажлын гүйцэтгэлд тооцно гэсэн шаардлага орж байна.
4 Диссертацид дараах шаардлагуудыг тавьж чанарыг өндөрсгөж байна. Үүнд: МУИС-ийн төгсөлтийн дараах сургалтын журмыг шинэчлэн боловсруулж байгаа төсөлд магистрант судалгааны ажлын үр дүнгээр мэргэжлийн сэтгүүлд 1 өгүүлэл заавал хэвлүүлсэн байна. Мөн докторант оюутан тухайн чиглэлийн нэр заасан, дотоод, гадаадын хөндлөнгийн хянан магадлагаа (peer review journal) хийгддэг, мэргэжлийн сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүллийн нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн байна гэсэн шаардлага орж байна.
5 Магистрант, докторант оюутнууд тухайн мэргэжил, шинжлэх ухааны чиглэлийн олон улсын стандарт эшлэлийн нэг хэв маягыг мөрдөх, ашигласан материал буюу тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг заавал эш татах, судалгааны үр дүнгийн үнэн бодит байдлыг баримт нотолгоонд суурилан баталсан, дүгнэсэн байх, мөн судлаачийн ёс зүйг эрхэмлэх шаардлага тавьж ажиллаж байна.
6 Магистрант, докторант оюутнуудын удирдагчдад тавих шаардлага, хариуцлагыг өндөрсгөж байна.
7 Оюуны бүтээлээ гадаад, дотоодод эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэхэд зохиогч/мэдүүлэг гаргагчаар оролцсон эсвэл оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь хийгдсэн тохиолдолд тухайн магистрант, докторантын судалгааны ажлын гүйцэтгэлийн нэмэлт үнэлгээ болно.
Эдгээр шаардлагуудыг хангаж ажиллах талаар журам баталж мөрдүүлхийн зэрэгцээ тэдэнд оюуны өмчийн асуудал, палажизрмээс хэрхэн сэргийлэх, судалгааны сэдэв сонгох, шинээр гарч буй судалгааны аргуудын талаар, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах асуудлууд гэх мэт судлагааны өргөн хүрээний асуудлуудад туслах зорилгоор гадаад, дотоодын их сургуульд докторын зэрэг хамгаалсан, докторын дараах судалгаанд хамрагдаад ирсэн МУИС-ийн нийт 24 багш, профессорууд МУИС-ийн магистрант, докторант оюутнуудад зориулж долоо хоног бүрийн Лхагва гарагт 1 байрны 320 тоот өрөөнд судалгааны семинар зохион байгуулж байна. Тухайн долоо хоногийн семинарын сэдвийг www.num.edu.mn цахим хуудсаар зарах ба сургалт үнэ төлбөргүй болно.
МУИС-Төгсөлтийн Дараах Сургууль