МУИС-ийн магистрант, докторантуудыг мэргэшил, судалгаа хийх болон практик ажлын ур чадварыг хөгжүүлэх, суралцахад нь дэмжлэг үзүүлэх, сургалт судалгааны ажлын өгөөжийг дээшлүүлэх зорилгоор суралцах явцын тодорхой хугацаанд Ассистантшип хөтөлбөр буюу туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрийг Ахисан түвшний сургуулиар дамжуулан хэрэгжүүлдэг.
Магистрант, докторант нь дараах 2 төрлийн туслахаар ажиллаж болно.
- Сургалтын туслах (Teaching assistant буюу TA): Хичээл сургалтын бэлтгэл ажил, багшлах ажлын туслах
- Судалгааны туслах (Research assistant буюу RA): Эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслах
Туслахаар ажиллуулах хугацаа хавар, намрын улиралд тухайн ажлын цар хүрээ, хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй хугацаанд (ихдээ 6 сар) үргэлжилнэ.
Туслах ажиллуулах нэгж нь тухайн оны батлагдсан төсөвтөө уялдуулан орон тоогоо МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар батлуулж дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
- Тэнхим, хүрээлэн, төв, бүрэлдэхүүн сургуульд ажиллуулах сургалт, судалгааны туслахыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд зарлалыг түгээж сонгон шалгаруулалт хийгдэнэ.
- МУИС-ийн АТС-ийн судалгааны лаборатори, профессорын багт ажиллуулах судалгааны туслахын зарлалыг түгээх, сонгон шалгаруулалт хийх ажлыг АТС хариуцан зохион байгуулна. Хүсэлт гаргасан судалгааны ажлын сэдвийн дагуу зарлана.
Туслахаар ажиллах шалгаруулалтад тэнцсэн магистрант, докторант нь ажлын даалгаврын дагуу удирдагч багш болон харьяалах нэгжийн удирдлагатай гэрээ байгуулан ажиллах ба гэрээний хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан ажлын тайланг тухайн нэгжийн удирдлагад хүлээлгэн өгнө.
Туслахын тэтгэлгийн хэмжээг жил бүрийн захиргааны зөвлөлийн хурлаар баталдаг ба тэтгэлгийг туслахаар ажилласан суралцагчийн СИСИ дансанд сургалтын төлбөр хэлбэрээр эсвэл цалин хэлбэрээр олгоно.
Сургалтын болон судалгааны туслахаар ажиллаж, өгөгдсөн даалгавараа хугацаандаа чанартай гүйцэтгэсэн тохиолдолд эрдэм шинжилгээний ажлын багц цаг (ЭШАБЦ)-ын 2 багц цагаар тооцуулах боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам”-тай танилцаж хүлээн авна уу.