Монгол Улс Азийн Хөгжлийн Банкинд элссэний 30 жилийн ойн хүрээнд оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт илтгэлийн уралдааны тусгай байрын шагналт оюутнуудыг АХБ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хэрэгжилттэй танилцах аяллыг зохион байгуулжээ.
Энэхүү аяллын хүрээнд илтгэлийн тусгай байрын шагналт, нийгэм, хүмүүнлэгийн ухаанаар суралцдаг тэдгээр оюутнуудыг дээрх төслөөс санхүүжилт авсан МУИС-ийн судалгааны лабораториудаар зочлуулах хүсэлтийг АХБ-наас ирүүлсний дагуу Ахисан түвшний сургууль нь танилцах аяллыг 2021.12.03-ны өдөр зохион байгуулж, Компьютер график, мультимедиа судалгааны лаборатори, Орчны шинжилгээний лаборатори, Шинэ материалын лаборатори, Сансар судлал-зайнаас тандан судлалын лаборатори, Генийн инженерчлэлийн лаборатори, Лазерын судалгааны лаборатори зэрэг 6 лабораторитой танилцууллаа.
“Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын дээд боловсролын хөтөлбөрүүдийн чанарыг дээшлүүлэх зорилгоор дээрх лабораториудыг компьютер болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангажээ.
Эдгээр оюутнуудад судалгааны чиглэл, багаж тоног төхөөрөмжийн талаар танилцуулахын зэрэгцээ аяллыг ихэд сонирхолтой болгож, судалгааны үйл ажиллагаатай биетээр танилцах боломж олгон, найрсаг зочломтгой хүлээн авсан лабораториудын хамт олондоо гүн талархсанаа илэрхийлье.
Ахисан түвшний сургууль