Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д ажиллав

Share Button

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчид “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгжиж буй хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагааг Япон Улс дахь аж үйлдвэртэй холбох, хамтран ажиллах, хөгжүүлэх гарц боломжийг судлах зорилгоор МУИС-д зочлон ирж ажиллав. МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг холбогдох албаны хүмүүсийн хамт Элчин сайдыг хүлээн авч уулзан уг төслийн шугамаар МУИС-д хэрэгжиж буй хамтарсан судалгааны лабораториудыг танилцууллаа.  

Элчин сайд Кобаяши Хироюки судалгааны лабораториуд, багийн профессор, судлаач оюутнуудтай уулзан судалгааны ажлуудтай нарийвчлан танилцаж, судалгааны багийн санал, хүсэлтийг сонсон, харилцан ярилцаж, ажлын зорилгын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Танилцсан лабораториуд: 

  • Компьютер график-мультимедиа судалгааны нээлттэй лаборатори, Профессор А.Энхбаяр
  • Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, Дэд профессор А.Амарбаяр
  • Чадлын электроникийн судалгааны лаборатори, Дэд профессор Д.Баясгалан  

 “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн талаар

Монгол-Япон 2 орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос эхлэн 2023 он хүртэлх нийт 9 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Төслийн зорилго, хүрэх үр дүн нь Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулахад оршино.  

Хамтарсан судалгааны хөтөлбөрийн гол зорилго нь Монгол улсын тэргүүлэх хоёр их сургуулийн (МУИС, ШУТИС) инженер, технологи, байгалийн ухааны чиглэлийн багш, судлаачдад дэмжлэг үзүүлж, Японы их, дээд сургуулиудтай хамтран хамтарсан судалгааг хэрэгжүүлж, их сургуулиудын сургалт, судалгааны ажлын чанар, чадавхийг дээшлүүлж, хүний нөөцийг сайжруулж, үйл ажиллагааг бэхжүүлэхэд оршино. 

Сургалт, судалгааны ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх үүднээс хоёр орны их сургуулиудын хамтын ажиллагаанд суурилан Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх 8 чиглэлийн хүрээнд хамтарсан судалгааны 20төслийг 2015 оноос хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэнээр олон улсад эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах, их сургуулиудын дэргэд гарааны компани бий болох юм. 

Хөтөлбөрийн хүрээнд хамтарсан судалгааны багийн гишүүдийг Японы их, дээд сургуульд суралцуулах, туршлага солилцох, дадлагажуулах замаар мэдлэг чадварыг нь дээшлүүлэхийн зэрэгцээ Монгол дахь их сургуулиудын судалгааны орчин, нөхцлийг сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмжийг хамтарсан судалгааны үйл ажиллагаатай уялдуулан шинэчилнэ. 

Хамтарсан судалгааг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх үүднээс Японы их, дээд сургуулиудаас багш, профессоруудыг зочин багш, судлаачаар хамтарсан судалгааны хүрээнд Монгол улсад урьж ажиллуулж байна. 

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *